БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Бид байгаль орчинд учруулах нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахыг зорьж ажилладаг бөгөөд үүний дотор хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдлыг бууруулах, зохих хэмжээнд барихад гол анхаарлаа хандуулан, байгаль орчны аливаа ослоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Энэ яагаад чухал вэ?

Бид орон нутгийн иргэд, ургамал, амьтны аймаг болоод ашиглалт явуулж буй газар нутаг орчмын байгалийн нөөцийн чанар, тоо хэмжээнд сөрөг нөлөө үзүүлэхээс зайлсхийх  зорилгоор өөрсдийн үйл ажиллагаандаа өндөр хариуцлага, хатуу хяналттай байгаль орчны менежментийн олон улсын “Сайн туршлагуудыг” зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. 

Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр:

Бид  Монголын уул уурхайн салбарт анх удаа Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Уур Амьсгалын Өөрчлөлтийн Засгийн Газар Хоорондын Зөвлөл”-өөс мэдээлдэг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх эрдэмтдийн мэдэгдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Үүний тулд бид Монгол Улсын нэгдэн орсон Парисын хэлэлцээрийн “дэлхийн агаарын дундаж хэмийг бага байлгах” зорилтод хувь нэмрээ оруулахын сацуу Нэгдсэн Үндэсний Байгууллагын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг дэмжин ажиллах замаар хангаж чадна. 

Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэрэгцээг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх нь бидний байгаль орчны болон бизнесийн ашиг сонирхолд нийцдэг.

Агаарын чанарын асуудлаар:

Бид Монголын уул уурхайн салбарт анх удаа манай компанийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдолд тогтмол хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлыг  бууруулах арга замыг тогтмол эрэлхийлж ажиллана. Бид олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүн тээвэрлэлт зэрэг үйл ажиллагаанаас гарах тоосны хэмжээг хязгаарлахад онцгой анхаарч ажиллана. 

Хог хаягдлын менежмент

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд хог хаягдлын нөлөөллийг хамгийн бага хэмжээнд барих зорилгоор ашиглах хэрэглээгээ хамгийн бага хэмжээнд барьж, аль болох дахин ашиглалт, дахин боловсруулалтанд үйл ажиллагааны чиглэлийг төвлөрүүлнэ. Харин дахин ашиглах боломжгүй хаягдлыг аюулгүй хадгална. Энэ нь байгаль орчны болон бизнесийн ашиг сонирхолд нийцэж буй юм.

Усны менежмент

Бид ундны усны аюулгүй байдал, цэвэр усаар хангагдах хүний эрхийг дээдэлнэ.  Хүний энэ эрхийг хязгаарлахгүйн зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүйн тулд ус хэмээх бүх нийтийн, хязгаарлагдмал нөөцийн хэмжээ, чанарыг хамгаалахад онцгой анхаарна. 

Бид усны эх үүсвэрийг хадгалах, түүний ундарга, урсгалыг хамгаалахыг зорьж ажилладгийн хувьд өөрийн байгаль орчин, бизнесийн ашиг сонирхолдоо нийцүүлэн усны зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхийг зорино. Мөн манай үйл ажиллагаанаас усны нөөцөд учруулах нөлөөллийг хамгийн бага байлгахад төвлөрч ажиллана.

Бидний баримталдаг Олон улсын бодлого, зарчимаас:

НҮБ-ын Даян дэлхийн гэрээний:

7-р зарчим: Бизнесийн үйл ажиллагаанаас байгаль орчны аливаа өөрчлөлт доройтлоос урьдчилан сэргийлэх

8-р зарчим: Бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчны хариуцлагыг өндөржүүлэх

9-р зарчим: Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх, нэвтрүүлэх

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго

Зорилго 6: Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах

Зорилго 12: Хариуцлагатай хэрэглээг дэмжих

Зорилго 13: Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах 

Зорилго 15: Хуурай газрын экосистемийг хамгаалах

Олон улсын уул уурхай, металлын зөвлөлийн зарчим:

Зарчим 6:  Усны менежмент, эрчим хүчний хэрэглээ, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчныг хамгаалах ажлын гүйцэтгэлүүдийг тогтмол сайжруулж байх

Зарчим 7: Биологийн төрөл зүйлийг хамгаалахад хувь нэмрээ оруулах, газар ашиглалт, төлөвлөлтийн нэгдсэн арга барилыг дэмжин ажиллах

 

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.