УМАРДЫН УУРХАЙЧИН ХӨТӨЛБӨР

2021-03-12

“УМАРДЫН УУРХАЙЧИН” ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Хургатай Хайрхан” компани “Умардын уурхайчин” хөтөлбөрийг хоёр жил хэрэгжүүлсэн бөгөөд 2021 онд гурав дахь жилдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, Хөвсгөл аймгийн залууст мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой энэхүү сургалтад Цэцэрлэг сумын 34 залуу хамрагдаж, мэргэжилтэй болсон юм. 2020 оны эхний элсэлтэд 18-29 насны залуус хамрагдаж, экскаваторын оператор, бульдозерийн оператор, авто ачигч болон өөрөө буулгагчийн оператор мэргэжил эзэмшээд байна.

Дараагийн ээлжийн сургалтыг зөвхөн Цэцэрлэг сумын иргэдээр хязгаарлахгүйгээр Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулахаар бүртгэлийг явуулж дуусаад байна.

“Умардын уурхайчин” хөтөлбөрт оролцсон залуус

Тэдгээр залуусыг төлөөлөн Н.Пүрэвдорж, Б.Амаржаргал, Г.Ренчиндорж, Б.Бат-Өлзий нараас сургалтын талаарх сэтгэгдэл болон цаашдын зорилгыг нь тодрууллаа.

Б.Амаржаргал: ЭКСКАВАТОРЫГ АНХ УДАА ОЙРООС ХАРЖ БАС ЖОЛООДОЖ ҮЗЛЭЭ

Сургалтад суух гоё байсан. Надад үйлдвэрийн дадлага илүү гоё, сонирхолтой байсан. Экскаваторыг анх удаа тийм ойроос харж бас жолоодож үзсэн. Экскаваторын оператор мэргэжлээр ажиллах бүрэн боломжтой санагдсан. Би одоогоор хөдөө малаа маллаж байна. Цаашид жолооны ангиллаа ахиулаад, мэргэжлээ дээшлүүлэх бодолтой байгаа.

Б.Бат-Өлзий: МАШИНАА АЮУЛГҮЙ ЖОЛООДОЖ СУРСАН

Би хүнд даацын өөрөө буулгагчийн оператор мэргэжлээр суралцаж төгссөн. Машинаа хэрхэн аюулгүй жолоодоход суралцлаа. Мөн машиныхаа эд ангийг таньж мэдсэн. Цаашид илүү ихийг суралцаж, энэ чиглэлээрээ ажиллах сонирхолтой байгаа.

Н.Пүрэвдорж: ИЙМ ТОМ МАШИНЫГ ЖОЛООДОЖ ЧАДАЖ БАЙГАА МИНЬ МАШ ГОЁ САНАГДСАН

Би экскаваторын оператор мэргэжлээр суралцаж төгссөн. Сургалтад бүртгүүлчихээд явж байхдаа чадахгүй ч юм шиг санагдаж, өөртөө эргэлзсэн. Харин сургуульдаа очоод суралцаж эхлэхдээ л тэр эргэлзээ арилж, боломждоо итгэсэн. Анх экскаватор хөдөлгөж үзэхэд сандраад их эвгүй юм билээ. Нэг сарын турш дадлага хийсний дараа ийм том машиныг жолоодож чадаж байгаадаа баярлаж, маш гоё санагдсан. Би цаг заваа зөв зүйлд зориулсандаа баяртай байгаа. Сургалтаа төгсөж ирэнгүүтээ Мөрөнд жолооны курсэд суралцсан. Эхний ээлжинд жолооны В ангилалтай болчихоод үргэлжлүүлэн сурах эсэхээ шийднэ.

Г.Ренчиндорж: БИ АВТО АЧИГЧИЙН ОПЕРАТОР МЭРГЭЖИЛТЭЙ БОЛСОН

Сургалт сонирхолтой байсан. Би авто ачигчийн оператор мэргэжлээр сурч төгссөн. Цаашид ачигч машин дээр ажиллах бүрэн боломжтой санагдсан. Би өнгөрсөн жил арванхоёрдугаар ангиа төгссөн. ЭЕШ-аа өгөөд ШУТИС-д элссэн ч цэрэгт явах гээд сургуулиа хойшлуулчихсан байгаа. Би батлан хамгаалах чиглэлээр суралцах сонирхолтой. Цэрэгт явж ирээд энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцана.

“Та асуу, Бид нээлттэй”

“Та асуу, Бид нээлттэй” булангийн энэ дугаарт “Хургатай Хайрхан” компанийн пэйж хуудсанд “Умардын уурхайчин” хөтөлбөрийн талаар иргэдийн асуусан асуултын хариултыг нийтэлж байна. Та биднээс сонирхсон асуултаа 7011-6828 дугаарын утас болон munkhjin@khurgataikhairkhan.mn емайл хаяг руу илгээгээрэй.

-Хүнд машин механизмын сургалтад зөвхөн Хөвсгөл аймгийн иргэд хамрагдах уу? Өөр аймгийн харьяалалтай хүн хамрагдаж болох уу?

-“Хургатай Хайрхан” компани нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс нэн тэргүүнд Хөвсгөл аймаг, тэр дундаа Цэцэрлэг сумын иргэдийг сургаж, ажлын байраар хангахыг зорьж байна. Энэ хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран хэрэгжүүлдэг “Умардын уурхайчин” хөтөлбөрийн эхний ээлжинд зөвхөн Цэцэрлэг сумын иргэдийг хамруулж сургасан болно. Цаашид Хөвсгөл аймгийн бусад сумын иргэдийг хамруулахыг зорьж байна.

Бусад хот, аймаг, сумын иргэд өөрийн зардлаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцах боломж нээлттэй. Манай компанийн зүгээс төслийн үйл ажиллагаагаа эхлэхдээ амжилттай суралцаж төгссөн, цаашид тогтвортой ажиллах хүмүүсийг ажлын байраар хангана.

-Хүний нөөцийн бүрдүүлэлт эхэлсэн үү? Ажлын байраа хэзээ зарлах вэ?

-Манай төслийн үйл ажиллагаа хараахан эхлээгүй байгаа. Бид Монгол Улсынхаа холбогдох хууль тогтоомжийн дагуу бүхий л зөвшөөрлийг албан ёсоор авсны дараа төслийн ажлаа цогцоор нь эхлүүлж, ажлын байруудаа нээлттэй зарлах болно.

Манай компани орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгынхоо хүрээнд “Умардын уурхайчин” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, энэ сургалтаараа ажиллах хүчнээ бүрдүүлэхийг зорьж байна. Хөвсгөл аймгийн иргэд “Умардын уурхайчин” хөтөлбөрт идэвхтэй хамрагдсанаар ажиллах хүчний нөөцөд орох боломжтой юм.

-Манай нөхөр хувьдаа машинтай, Өмнөговьд нүүрс тээвэрлэдэг. Танай компани нүүрс тээвэртээ хувьдаа машинтай хүн авах уу?

Бид зөвхөн жолооч ажилд авна, хувийн машин нүүрс тээвэрлэлтэд явуулахгүй. Манай компани Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн жишиг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид Монгол Улсын хууль дүрмийн хүрээнд өндөр хөгжилтэй орнуудын шилдэг туршлага, стандартуудыг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Энэ ч утгаараа нүүрс тээвэртээ Европын улсад үйлдвэрлэгдсэн “Нэгдүгээр ангилал”-ын буюу олон улсын зах зээлд нэр хүнд бүхий үйлдвэрлэгчдийн тээврийн хэрэгсэл оруулж ирэн, тээвэрлэлт хийхээр төлөвлөж байна.

“Нэгдүгээр ангилал”-ын үйлдвэрлэгчдийн тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүрийн чадал, тоормослох чадвар, жолоодогчийн аюулгүй байдлыг хангахад туслах хэрэгслүүд нь мэдэгдэхүйц өндөр чанартай байдаг. Бас нэг давуу тал нь хүлэмжийн хийн ялгаруулалттай холбоотой олон улсын хатуу хязгаарлалтыг хангасан хөдөлгүүр бүхий байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслүүд байдаг. Энэ нь манай компанийн байгаль орчинд ээлтэй, жолоочийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангах зорилтод нийцэж байгаа юм.

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.