Б.ШИНЭБИЛЭГ: БИД ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙД ДЭМ, ИРЭЭДҮЙД НЬ УРАМ ӨГӨХИЙГ ЗОРЬСОН
Хажуу айлын тань охин эсвэл хамаатны чинь хүү бусад хүүхдээс нэг л өөр байна уу. Бие махбодь, зан ааш, сурлага, авьяас чадвар, амьдралын орчны хувьд. Харин та “…тэдний хүүхэд хачин…” гэж ялгаварласан юм биш биз. Эсвэл та өөрийн хүүгээ, охиноо бусдын хүүхэдтэй харьцуулж, дорд үзээгүй байгаа… Хүүхэд яг л тан шиг цор ганцхан хувилбар. Тэр бусдаас ялгаатай байх нь гэм зэм биш. Энэ санааг томчуудад, хүүхдүүдэд зургаар ойлгуулахыг зорьсон “Солонгон бүрхүүл-2020” арт аян өнгөрсөн есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өрнөлөө.
“Creative Motion” агентлагийн санаачилга, НҮБ-ын Хүүхдийн сан, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгээр хэрэгжсэн энэхүү аяны ерөнхий ивээн тэтгэгчээр “Хургатай Хайрхан” ХХК оролцсон юм. Аяны хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд зориулан “Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөр”, “Хүүхэдтэйгээ ярилц, тэдэнд илүү их цаг зарцуул” гэсэн хоёр сэдвээр Мөрөн сумын таван байршилд зураг зурав. Мөн дизайнер, архитекторууд Хөвсгөл аймгийн онцлогийг шингээсэн хээ угалз зохиож, хашаанд өнгө нэмжээ. Орон нутагт анх удаа хэрэгжсэн энэхүү аянд 24 уран бүтээлч оролцож, стрийт арт буюу гудамжны зургаар Мөрөн сумыг чимсэн нь энэ юм. Тус аяны талаар санаачлагч “Creative Motion” агентлагийн захирал Б.Шинэбилэгтэй ярилцлаа. .
-Улаанбаатар хотын гэр хорооллыг чимж байсан “Солонгон бүрхүүл” төсөл Хөвсгөл аймагт хэрэгжлээ. Орон нутгаас Хөвсгөл аймаг анхдагч болов уу?
-Солонгон бүрхүүл төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Манай төсөл хотын төвөөс алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд зургаар дамжуулан урам зориг өгөх, амьдралд нь өнгө нэмэх зорилготой. Бид өнгөрсөн жил нийслэлийн дөрвөн дүүргийн есөн худгийг зургаараа чимсэн. Энэ жил төслөө анх удаа орон нутагт тэр дундаа Хөвсгөл аймагт хэрэгжүүллээ.
-Мөрөн суманд таван байршилд зураг зурсан. Зургийн агуулгыг хэрхэн гаргав, ямар санаа илэрхийлэхийг зорив?
-Бид Хөвсгөл аймагт хоёр чиглэлээр ажилласан. Нэгдүгээрт стрийт арт буюу гудамжны зураг зурсан. Зургийн санааг гаргахдаа НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьж, чиглэл авсан. НҮБ-ын Хүүхдийн сангийн өсвөр насны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж, хүүхдэд чиглэсэн зургийн агуулга, ач холбогдлын талаар ярилцсан. Ямар насны хүүхдүүд илүү асуудалтай тулгардаг, гол асуудал нь юу байгааг судлах явцдаа өсвөр насныхан руу чиглэх ёстойг ойлгосон. Өсвөр насныхан олон эрсдэлтэй тулгардаг. Тэдний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх шаардлага тулгарч байна. Үзэл бодол, амьдралын орчин нөхцөл, сурлагаараа бусдаас өөр байснаараа гадуурхагдаж байна. Энэ гадуурхал хүүхдийг өөртөө итгэлгүй болгож, бусдад уруу татагдаж, бурууг даган дууриахад хүргэдэг. Тиймээс ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрье гэсэн санаа сэдлийг зургаар гаргахыг зорьсон. Мөн эцэг эхчүүд хүүхдээ анхаарч сонсдог, тэдний юу хийхийг танддаг байхын тулд гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь чухал. Энэ агуулгаар бид Мөрөн сумын таван байршилд зураг зурсан. Гэхдээ зөвхөн Хөвсгөлийн хүүхдүүдэд ийм асуудал тулгардаг гэсэн үг биш, манай улсын хэмжээний асуудал юм.
-Өөр нэг чиглэл нь хашаанд хээ угалз тавьсан ажил байх?
-Зураачдаас гадна архитектор, дизайнерүүд бидний төслийг дэмжиж оролцсон. Манай төсөл гэр хорооллын үзэмжийг сайжруулж, өнгө нэмэх зорилготой учраас бид Мөрөнгийн хашаанд анхаарлаа хандуулсан. Айлуудын хаалга, хашаагаа чимдэг монгол хээ угалзын агуулгыг илүү баяжуулан, Хөвсгөл нутгийн онцлогийг шингээхийг зорьсон. Ингэхдээ Хөвсгөл аймагт амьдардаг олон ястны соёлыг илэрхийлсэн хээ угалз зохиож, түүгээрээ гудамжны хашаануудыг хээлсэн. Энэ ажлыг зургаан уран бүтээлч хийж гүйцэтгэсэн.
-Зураг зурсан таван байршлын хоёр нь сургууль байна. Сургуулийн удирдлага, хүүхдүүд хэрхэн хүлээж авсан вэ?
-Бид илүү олон сургуулийн ханан дээр зурахыг хүссэн ч “Мөрөн Гурван Эрдэнэ”, “Ирээдүй” гэсэн хоёр сургууль зөвшөөрөл өгсөн. Захирлууд нь олон жил сургуулиа удирдсан, хүүхдэд юу хэрэгтэйг мэддэг хүмүүс байсан болохоор бидний ажлыг маш сайн ойлгож, хүлээж авсан. Хүүхдүүд бол харилцан адилгүй. Бага насны хүүхдүүд гэхэд зурган дээрх iphone 11 утсыг илүү анхаарч яриад байхаар нь зургийн агуулгыг харуулах үүднээс утасны маркийг өөрчилж зурсан. Өсвөр насны хүүхдүүд бол зургийн агуулгыг маш сайн ойлгож хүлээн авсан. Хүүхдүүд сургуулиа хаанаас ч харсан онцгой гоё болсныг хэлж байсан. Хүүхдүүдийн сэтгэл зүйд дэм болох, ирээдүйд нь урам болгохыг зорьсон ажлыг маань ойлгож, дурлаж үзсэн нь бидэнд үнэхээр таатай байна.
-Мөрөнгийн иргэдээс зураг зуруулах санал ирэв үү?
-Маш их ирсэн. Таван цэцэрлэгийн эрхлэгч бидэнтэй холбогдож, цэцэрлэгийнхээ хашаан дээр зуруулахыг хүссэн. Хашаан дээрх хээ хүмүүст их таалагдсан, хээгээ манайд өгч болох уу гэсэн хүсэлт их ирж байна. Бид Хөвсгөлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт хашааны хээгээ үлдээсэн тул тэндээс авч болно. Мөн энэ төслийг дэмжиж, Мөрөнд хэрэгжүүлэх боломжийг олгосон “Хургатай Хайрхан” компанитай холбогдож, манай хээнүүдийг авч ашиглах боломжтой гэдгийг хэлье.
-Солонгон бүрхүүл арт аяныг орон нутгийн иргэд яаж хүлээж авч байна вэ?
-Бидэнд иргэд, байгууллагаас урмын сайхан үгс их ирсэн. Хөвсгөл аймгийн Засаг даргаас “Та бүхний хүүхдийн төлөө гэсэн сэтгэлийн нандин утас үргэлж хөгтэй байг” гэсэн бичигтэй талархал ирсэн. Бас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр “Хүүхдийн төлөө хийсэн та бүхний ажил манай аймагт огт өөр уур амьсгал бий болголоо” гэж хэлсэн. Мөн Онцгой байдлын газрын орлогч дарга Г.Ганбаатар бидэнтэй ирж уулзаад, манай аймаг үнэхээр гоё боллоо гээд хүүхдийн төлөө хийж байгаа ажилд маань талархал илэрхийлсэн. Бид маш их баяртай байгаа.
Ярилцсан В.Батцэцэг
БИДНИЙ СЭТГЭЛД СОЛОНГО ТАТУУЛСАН ХҮМҮҮСТ БАЯРЛАЛАА
Хүүхдүүдэд урам зориг, эцэг эхчүүдэд ухаарал өгөхийг зорьсон уран бүтээлчдийн зорилго хэрхэн биелсэн бол? Энэ асуултад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдүүд болон эцэг эхийн төлөөллөөс хариулт авлаа.
МАНАЙ МӨРӨН ХОТ ОДОО ӨНГӨ ӨНГИЙН СОЛОНГОТОЙ БОЛСОН МЭТ САНАГДАЖ БАЙНА
“Мөрөн Гурван Эрдэнэ” ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Нарангарав:
Яг зураг зурж байх үед би чөлөөтэй байсан болохоор харж чадаагүй. Сургуульдаа иртэл үнэхээр гоё, өнгө үзэмжтэй, агуулга сайтай зураг зурагдсан байсан. Шууд л “Ааваа ээжээ намайг тоогоод өгөөч” гэж чихэнд хашгирч байгаа мэт. Гэтэл зарим аав ээж зургийн утга агуулгыг ойлгохгүй байна гэж ярихыг сонсоод гунигтай санагдсан. Бидний хүсэл мөрөөдлийг сонсож, бидэнтэй илүү их цаг өнгөрүүлээсэй гэж зураг тодоос тод хэлж байна шүү дээ. Бидний сэтгэлд солонго татуулсан тэр хүмүүст баярлалаа. Манай Мөрөн хот одоо өнгө өнгийн солонготой болсон мэт санагдаж байна.
ЭЭЖДЭЭ ОЧООД “НАМАЙГ СОНСООЧ” ГЭЖ ХЭЛМЭЭР САНАГДСАН
“Мөрөн Гурван Эрдэнэ” ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Энхзул:
Надад “Ээжээ намайг сонсооч” гэдэг зураг үнэхээр таалагдсан. Энэ их энергитэй зураг, хараад л баймаар. Бас өнөөгийн нийгэмд зохицсон өвөрмөц агуулгатай, санааг ил тод гаргасан, сэтгэл зүрхэнд хамгийн ойр зураг. Утасны гэрлийг хүүхдийн нүүр рүү тусгаж зурсан зураач үнэхээр чадварлаг санагдсан. Зарим эцэг эхчүүд хүүхдээ үнэхээр сонсдоггүй шүү дээ.
Үүнийг ингэж илэрхийлж гаргасан уран бүтээлчдэд туйлын их баярлаж байна. Ээждээ очоод “Намайг сонсооч” гэж хэлмээр санагдсан. Үүний утга учрыг олон аав ээж ухаарч, өөрсдөдөө дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Энэ бол үнэхээр гайхалтай зураг.
ЭНЭ ЗУРГИЙГ ХАРААД ХҮҮХДЭЭ ИЛҮҮ ИХ СОНСДОГ БОЛСОН
Мөрөн сумын 9 дүгээр хорооны иргэн Л.Энхмэнд:
Манай хүүхдүүд энэ сургуульд сурдаг юм. Хүүхдүүд маань гэртээ ирээд сургуулийн ханан дээр гоё зураг зурж байна, та очиж хараад ойлгосон зүйлээ хэлээрэй гэхээр нь би очиж харсан. Үнэхээр содон агуулгатай байсан. Хүүхдүүдээ сонсох, нээлттэй харилцах туйлын шаардлага байгааг энэ зургаас мэдэрсэн. Үүнийг харснаас хойш хүүхдээ илүү их сонсдог болоод байгаа. Маш их баярлалаа.
ЭЦЭГ ЭХЧҮҮД УХААРАЛ АВААСАЙ
Мөрөн сумын 14 дүгээр хорооны иргэн П.Дэлгэрбат:
Энэ зургууд олон талын ач холбогдолтой санагдсан. Ухаалаг утсанд их автсан энэ үед зөв мессеж өгч байна. Хүүхдүүдээ тоохоо больсон эцэг эхчүүд үүнийг хараад ухаарал аваасай гэж хүсэж байна.
© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.