“MINING WEEK & MINEPRO 2024” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН, ЧУУЛГА АРГА ХЭМЖЭЭНД “ХУРГАТАЙ ХАЙРХАН” ХХК ОРОЛЦЛОО

2024-10-21
Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Уул уурхайн 7 хоног” /Mining Week & MinePro 2024/ арга хэмжээ 2024 оны 10 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний 4 дэх өдөр “Уул уурхайн орон нутгийн харилцаа” хөтөлбөрийн “Хайгуулаас олборлолт руу шилжиж байгаа туршлага” сэдвийн хүрээнд “Хургатай Хайрхан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэ компанийн худалдан авалтын бодлого, Овоотын коксжих нүүрсний цогц төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн ард иргэдэд үүсэх үр ашиг, өгөөж зэргийг танилцуулан, тогтвортой хөгжлийн чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оролцогч талуудад хүргэлээ. Мөн үүний дараа “Уул уурхайн компаниуд худалдан авалтаар орон нутгийн харилцааг дэмжих нь” сэдвээр панел хэлэлцүүлэг өрнөсөн ба тус хэлэлцүүлэгт “Хургатай Хайрхан” ХХК оролцож, Овоотын коксжих нүүрсний цогц төслийн оролцогч талуудын санал хүсэлтийг тусган, нэгтгэсэн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, уг төлөвлөгөөний чухал хэсэг болох худалдан авалт, бий болох ажлын байр зэргийн талаар мэдээлэл түгээлээ. Мөн орон нутгийн ард иргэдийн төлөөлөл, хувийн хэвшил, жижиг үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч нартай нээлттэй асуулт хариултын хэлэлцүүлэг өрнүүлснээрээ онцлог арга хэмжээ болж өрнөлөө.
“Уул уурхайн 7 хоног” чуулганаар 4 хоногийн хугацаанд салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага, ногоон хөгжил, тэрбум мод, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг бүх талын оролцоотойгоор нээлттэй хэлэлцлээ.

© 2024 он. Хургатай Хайрхан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.