ЦЭЦЭРЛЭГ СУМЫН АЙЛ ӨРХҮҮДЭД МАЛЫН НОГООН ТЭЖЭЭЛИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР НИЙЛҮҮЛЛЭЭ
Ногоон тэжээл хөтөлбөр дөрөв дэх жилдээ үргэлжилж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчдад чухал дэмжлэг болсоор байна. Овоот уурхайн лицензийн талбайд тариалсан өндөр чанарын малын ногоон тэжээлээ бид амжилттай хурааж энэ жил 16,500 боодлыг тус сум болон Тэсийн гол, Булнайн нуруу Байгалийн цогцолбор газрын малчдад тараалаа.

Жил бүр улсын хэмжээнд олон сая мал зудын улмаас хорогддог ба 2023 онд гэхэд 4.9 сая мал хорогдсон байдаг. Тэгвэл энэхүү малын ногоон тэжээлийг хойд бүсийн 600 айл өрхөд хямдралтай үнээр нийлүүлж байгаа нь зуд турхныг даван гарахад нь чухал үүрэг гүйцэтгэх юм.
Ийнхүү бид санаачлан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийнхаа байгаль орчин болон ард иргэдийн амьдралд урт хугацааны эерэг өөрчлөлт авчрахыг зорин ажилладаг юм.